ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН “УРАН ЭГШИГ” УЛСЫН УРАЛДААН БОЛНО
Аймгийн Засаг даргын нэрэмжит, өсвөрийн үндэсний хөгжимчдийн “УРАН ЭГШИГ” улсын уралдаан энэ сарын 29-нд эхэлнэ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаан нь үндэсний хөгжимчдийн бусад уралдаанаас оролцогчийн тоо, чансаагаараа тэргүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уралдаанд оролцохоор Улаанбаатар хотын 9 дүүрэг, 15 аймгийн 520 гаруй өсвөрийн хөгжимчид бүртгүүлээд байна.
Энэ удаагийн улсын уралдааныг гоцлол хөгжим, цөөхүүл- найрал хөгжим гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулна.
Гоцлол хөгжимчдийн уралдаан нь морин хуур - их хуур, ёочин, ятга, шанз, лимбэ, хуучир гэсэн хөгжмийн төрлөөр бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар, Цөөхүүл- найрал хөгжим нь насны ангилал харгалзахгүй, гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй байна.
Энэхүү уралдааныг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд өдгөө 9 дэх удаагаа зохион байгуулж байна.